ЗӨВЛӨГӨӨ

“Iphone 11” барилаа гээд та ухаантай болчихгүй. Амьдралдаа сэтгэл хангалуун бай!

Хүмүүс өөрийнх нь хандлагаас бүх зүйл шалтгаалж байдаг гэдгийг мэддэггүй. Өөдрөг хүмүүс өөрт тохиолдож буй хүнд хэцүү зүйлсийг сорилт, шалгуур хэмээн хүлээж авдаг бол гутранги үзэлтэй хүмүүс таагүй үйл явдал бүрийг дэлхий сөнөж байгаа мэтээр хүлээж авч, өөрсдийгөө азгүй амьтан гэж цоллодог. Үүнээс гадна өрөөл бусад руу сөрөг энергиэ цацаж, түүнээсээ таашаал авдаг хэсэг бүлэг хүмүүс ч бий. Тэдгээрээс л хол байхгүй бол таны амьдрал хаашаа ч эргэж мэднэ шүү.

Ялангуяа хүн бүр л эдэлж хэрэглэж байгаагаа бусдад гайхуулдаг хачин гэмээр хүнтэй таарч л байсан байх. Үнэндээ хэний юу хэрэглэж, яаж амьдрах нь хэнд ч хамаагүй л дээ. Ямар бид түүний өмнөөс тэр бүхнийг л хэрэглэх биш…

Гэхдээ өнөө цагт бид бусдын өмсөж зүүсэн, эдэлж хэрэглэж байгаа зүйлсэд жигтэйхэн их анхаарал хандуулдаг болчихож. Жишээлбэл, өчигдөр хажууд суух нэг эмэгтэй “Урнаа iphone 11 барьчихсан байна лээ. Би зээлээр утас авах талаар сонирхдог юм билүү. Барьж байгаа 7-гоо сольчихмоор байх юм” гэж утсаар ярьж байх юм.

Тэр хүнд гадна талаасаа л сүүлийн үеийн загварын утас барьж харагдах нь чухал бололтой. Угтаа бол авах гээд байгаа утас нь ямар үзүүлэлттэй, ашиг тус нь юу болох талаар тэр бүсгүй мэдэхийг ч хүсэхгүй байгаа шинжтэй.

Жилээс жилд өөрчлөгдөн хувьсаж байгаа технологийн хөгжил, загварын чиг хандлагыг хүмүүс яагаад ч гүйцэж амжихгүй. Хүн төрөлхтөн бол ердөө л дэлхийн том компаниудын маркетингийн бодлогод цохигдож яваа “бөмбөг” шүү дээ. Гагцхүү тэрхүү хийсвэрлэл, хэнээрхэл дундаас өөрийгөө “хүн”-ээр нь авч үлдэх нь нэн тэргүүний асуудал юм.

Та доорх түүхийг уншаад үзээрэй.

Би машингүй өглөө, орой бүр ажил гэрийн хооронд алхдаг болохоор даарч, хөлдөх нь гээд их бухимдаж, хажуугаар өнгөрөх машинтай хүмүүст атаархдаг байлаа. Гэтэл хэдэн өдрийн өмнө би урдаа суга таягтай, нэг хөл нь өвдөгнөөс нилээд дээгүүр тайрагдсан сайхан хувцасласан, дэгжин залуу ажилдаа алхаж явахыг харлаа. Түүнийг араас нь хараад алхаж явахад надад “Машин тийм ч чухал хэрэгтэй биш, хоёр хөл минь бүрэн бүтэн байгаа л чухал юм байна. Байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байх ёстой” гэдэг бодол төрсөн юм. Тэр залуу их сайхан газар ажилладаг. Түүний мэдлэг боловсрол, чадвар, сэтгэлийн хат нь зүйрлэшгүй их бололтой. Түүнд ч мөн бахархан, сэтгэл хангалуун байх зүйл олон гэдэгт итгэж байна.

Яг л энэ шүү дээ. Бид байгаа бүхэндээ болон өөртөө сэтгэл хангалуун байх ёстой. Та өөрөөсөө илүү нэгнийг дуурайж үнэтэй машин, утас хэрэглэхийг хүсэж өр зээл тавих хэрэггүй. Ганган хувцасласан алдартай хүмүүсийг хараад тэдэн шиг болохыг хүсэх шаардлагагүй. Хүн бүр энэ дэлхийд цор ганцхан байдаг. Харин тэрхүү ахин давтагдашгүй хувь тавилангаа бүү үнэгүйдүүл.

Мөн аз жаргалтай, амьдралдаа сэтгэл хангалуун байх тусам хүн сөрөг, таагүй зүйлд анхаарал хандуулах нь багасдаг болохыг судлаачид тогтоосон байдаг юм шүү. Эцэст нь хэлэхэд, амралтын өдрөө хайртай хүмүүстэйгээ сайхан өнгөрүүлээрэй.

Мэдээлэлийн эх сурвалж : saak.mn

Нийтлэл ямар байв?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
1
+1
0

Санал болгох мэдээлэл

Back to top button