ФОТО МЭДЭЭЛЭЛ

АНУ-ын эрх баригчид зомби халдварт бэлэн байхыг сануулжээ

АНУ-ын Халдварт өвчин судлал, сэргийллийн төв ард иргэдээ зомби халдварт бэлэн байхыг сануулжээ. Тодруулбал, Халдварт өвчин судлал, сэргийллийн төв цар тахлын талаар зөвлөмж, мэдээлэл хүргэж байхдаа бусад болзошгүй гамшгуудад бэлэн байх зааварчилгаан дээрээ зомби халдварын гамшгийг шинээр нэмэн анхааруулжээ.

Тэгэхдээ тус төв цахим хуудсандаа “Чухамдаа энэ бол хар салхи, газар хөдлөлт, үер гээд бүх гамшгаас урьдчилан сэргийлэх зөвлөмж юм. Та одоохондоо зомби халдвар гэхээр инээж, шоолж байж магадгүй ч хожим ямар нэг гамшиг тохиолдвол энэ зөвлөмжийг уншсандаа баярлах болно. Зөвлөмжөөс та жинхэнэ гамшигт хэрхэн бэлдэх тухай шинэ зүйл олж мэдэж ч магадгүй юм” хэмээн бичжээ.

Зомби халдвар тархаж эхэлбэл яах вэ?

Хэрвээ тийм зүйл үнэхээр тохиолдвол нэн түрүүнд Халдварт өвчин судлал, сэргийллийн төв бусад бүх өвчнийг судалж байсан шигээ судалгаа шинжилгээ яаралтай эхлүүлж, өвчний талаар чадах бүх мэдээллийг цуглуулж, мужийн холбогдох байгууллагуудтай хуваалцах аж. Гэхдээ өвчин чухам юунаас болж үүссэн, хэрхэн халдварладгийг, яаж эмчлэхийг олж тогтоохоос өмнө иргэд амаа барихгүйн тулд ягштал баримтлах дүрмүүдийг тодорхой тайлбарлажээ.

Хамгийн түрүүнд ард иргэд зомби халдвар болон бусад ямар ч онц байдлын үед хэдэн өдрийн турш хэрэглэх эм, тариа, хүнс зэргээ нөөцлөх шаардлагатай. Тус шаардлагатай зүйлсийн жагсаалтад өдөрт нэг хүнд 4л ус, мууддаггүй хүнс, эм, багаж хэрэгсэл болон дулаан хувцас, ариутгагч, халдваргүйжүүлэгч бодисууд, хөнжил, гудас, чухал бичиг баримтууд болон анхны тусламжийн хайрцаг багтана хэмээн Халдварт өвчин судлал, сэргийллийн төв тоочжээ.

Шаардлагатай зүйлсийг бэлдсэний дараа та гадаа буй зомби болон бусад гамшгаас амьд үлдэхийн тулд төлөвлөгөө боловсруулах шаардлагатай.

Үүнд, та өөрийн байгаа газрынхаа газар хөдлөлт, хар шуурга зэрэг болзошгүй аюулуудыг тооцоолон бэлтгэлээ хангахаас гадна яаралтай үед холбоо барих хүмүүсийн жагсаалт гаргах хэрэгтэй. Харин түүний дараа хоргодох аюулгүй газрыг тодорхойлж, тийш хүрэх төлөвлөгөөгөө бодвол зохино. Тэгэхдээ бусадтайгаа хаана уулзах, хэрхэн зохион байгуулалтад орж цааш амь гарах зэргээ тооцоолох шаардлагатай хэмээн анхааруулжээ.

Ийнхүү гамшгийн үед бэлэн байх, амьд үлдэх зааварчилгаа боловсруулан олон нийтэд хүргэж байгаа нь цар тахлаас гадна өнгөрсөн сард Техас мужид дөрвөн сая гаруй хүн эрчим хүчгүй болж, өмнө нь тохиолдож байгаагүй өвлийн хүйтэн, хэвийнээс хэтэрсэн их цасанд яахаа мэдэхгүй самгардаж, ус, хүнсний хомсдолд орсонтой холбоотой аж.

Халдварт өвчин судлал, сэргийллийн төвийн гаргасан тус зөвлөмжийг зарим хүмүүс шоолж, шаардлагагүй хэмээн үзэж байгаа бол гамшгийн мэргэжилтнүүдийн олонх нь тус зөвлөмжийг цагаа олсон зөв арга хэмжээ хэмээн санал нэгдэх болжээ.

Нийтлэл ямар байв?
+1
11
+1
10
+1
4
+1
55
+1
142
+1
12
+1
38

Санал болгох мэдээлэл

Back to top button