ФОТО МЭДЭЭЛЭЛ

Сталинаас айдаггүй цорын ганц эр

ЗХУ-ын Маршал Георгий Константинович Жуков Дэлхийн 2-р дайны үед хамгийн том гавьяа байгуулсан хүмүүсийн нэг билээ. Харамсалтай нь дайны баатрууд энхийн цагт эрх баригчдын өрсөлдөгчид болдгийн жишгээр түүнийг Сталин ч алдар гавъяаны индрээс нь буулгахын тулд олон зүйл хийсэн байна. Дайны дараа Жуковыг хүндхэн жилүүд угтан авсан ч эх орных нь ялалтын түүхээс хэн ч түүний нэрийг хасаж чадаагүй билээ.


Георгий Жуков 1896 оны 12-р сарын 1-нд Оросын эзэнт гүрний Калуга мужид ядуу тариачны гэр бүлд төржээ. Түүний хурц ухааныг анзаарсан эргэн тойрныхон нь Жуковыг эрдэм номын мөр хөөлгөхөөр Москва руу сургуульд илгээсэн байна. Ийнхүү тэрээр сурахын хажуугаар хөдөлмөр эрхлэн эрийн цээнд хүрсэн аж.


Георгий Жуков 17 настайдаа Дэлхийн 1-р дайнд оролцсон бөгөөд морин цэргийн хороонд хэсгийн даргаар хуваарилагдсан байна. Энд тэрээр цэргийн эрдэмд гарамгай болж, өөрийн удирдах авъяасаа нээжээ.


Дэлхийн 2-р дайн эхлэх гэж байхад Жуков хэдийн бүх цэргийн командлагч болоод байв. Тэрээр Германтай дайтах цаг ирнэ гэдгийг мэдэж байсан учраас бүх нийтийг бэлэн байлгахыг эрмэлзсэн ч Сталин түүний төлөвлөгөөг хүлээж аваагүй юм. Гэтэл хожим түүний таамаг зөв болж таарсан учир Жуков ч өөрөө Сталиныг ятгаж чадаагүйдээ халагласан нь мэдээж.


1946 онд намын төв хорооноос Жуковыг европын орнуудаас их хэмжээний тансаг бараа хувьдаа хурааж авсан гэж үзсэн байна. Жуков ч Германд байхдаа өөртөө таалагдсан тавилга, хивс зэргийг авч ирсэн болохоо хүлээн зөвшөөрчээ. Тиймээс маршалыг тушаал бууруулан захын дүүргийн цэргийн командлагчаар томилов.

Гэвч 1953 онд Сталин зүрхний шигдээсээр нас барав. Түүний суудлын төлөө өрсөлдсөн хүмүүс Жуковыг эргүүлэн Москва руу дууджээ.
Түүний нэр төрийг сэргээн батлан хамгаалахын сайд болгосон байна. Харамсалтай нь Жуков хэт бүдүүлэг авиртайн зэрэгцээ бүх зүйлийг зөвхөн өөрийнхөөрөө хийх хүсэлтэй гэсэн гомдол тасралтгүй ирэх болов. Мөн тэрээр намын төв хороо биш, зөвхөн өөрийн дураар шийдвэр гаргаж эхэлсэн нь Хрущёвт таалагдаагүй учраас буцаагаад “цөлсөн” байна. Мөн Хрущёв Сталины нэгэн адилаар түүнийг эрх мэдэлд нь халтай хэмээн болгоомжилсон юм.

Улмаар Жуковын гэр болоод утсыг нь чагнах зэргээр сэм тагнах болжээ. Харин 1964 онд Хрущёв Улаан армийн цэргүүдтэй хэл амаа ололцохын тулд Жуковыг эргүүлэн татах хүсэлт гаргасан аж. Гэхдээ улс төрөөс залхсан Жуков түүний хүсэлтийг авч хэлэлцээгүй байна.

Нийтлэл ямар байв?
+1
0
+1
0
+1
1
+1
0
+1
0
+1
0
+1
0

Санал болгох мэдээлэл

Back to top button